ӨГӨГДӨЛ БА ХИЙМЭЛ ОЮУНЫ ЗАСАГЛАЛЫН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам болон DAMA Mongolia Chapter хамтран DATA & AI GOVERNANCE FORUM 2026 арга хэмжээг 2026 оны есдүгээр сарын 18-ны өдөр “Өгөгдлөө засаглая” уриан дор зохион байгууллаа. Монгол Улсад өгөгдөл болон хиймэл оюуны засаглалын асуудлыг цогцоор нь хэлэлцсэн анхны салбар хоорондын тус форумд төр, банк, харилцаа холбоо, уул уурхай болон хиймэл оюун хөгжүүлэгч байгууллагын удирдлага, бодлого зохицуулагчид, мэргэжилтнүүдоролцов. Ингээд тус формын хэлэлцүүлгүүдийн нэгтгэлийг та бүхэнд хүргэж байна.


Нийт таван панелийн үндсэн дүгнэлт

Тус форумд банк санхүү, харилцаа холбоо, уул уурхай, төрийн байгууллага, хиймэл оюун гэсэн таван панелд өөр өөр салбарын төлөөллүүд оролцлоо. Салбарууд бие биенээсээ хамаарал багатай боловч дараах дүгнэлтүүд бүх панелд давтагдав.


Нэг. Асуудал нь технологийн бус зохион байгуулалтын шинжтэй

Панел бүрээс "техникийн боломж бүрдсэн" гэсэн дүгнэлт гарав. Банкууд нээлттэй банкны системээ техникийн хувьд бэлэн болгосон, харилцаа холбооны операторууд 2013–2014 оноос өгөгдөлд суурилсан шийдэл ажиллуулж байгаа, Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуныг үйлдвэрлэлийн процесстоо нэвтрүүлсэн, их сургуулиуд судалгааны өгөгдлөө нэгтгэж эхэлсэн гэх мэт санаачлагуудыг хэрэгжүүлсэн байна.

Хиймэл оюуны панелаас гарсан 10/20/70 зарчим нь энэ форумын дүгнэлтийг бататгаж байна: амжилтын 10 хувь нь загвар, 20 хувь нь технологийн стек, 70 хувь нь хүн, процесс, байгууллагын зохион байгуулалт. Өнөөдрийн хэлэлцүүлгийн туршид тулгамдсан бүх асуудал энэ 70 хувьд хамаарна.


Хоёр. Эрх зүйн орчин хоцорч, салбарууд хүлээлтийн байдалд шилжсэн

Таван панелын дөрөвт нь ирэх 12 сарын хамгийн чухал алхам асуултад Өгөгдлийн тухай хуулийг батлах гэсэн хариултыг өгсөн. Хууль батлагдаагүйгээс дараах бодит үр дагавар үүсч байна:

• Банкууд нээлттэй банкны үйлчилгээний цар хүрээг өргөтгөж чадахгүй (зөвшөөрөл, мэдээлэл дамжуулалтын зохицуулалт тодорхойгүй);

• Харилцаа холбооны операторууд салбар хооронд өгөгдөл солилцохоос эрсдэлээс эмээн татгалзаж байна;

• Уул уурхайн салбарт хайгуулын өгөгдлийг дахин ашиглах боломж хаалттай;

• Старт-ап компаниуд судалгаа, дижитал бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зорилгоор өгөгдөл авч чадахгүй.


Гурав. Мэргэшсэн хүний нөөцийн хомсдол бүх салбарт нийтлэг асуудал байна

Банк дотооддоо мэргэжилтнээ бэлтгэж байна; уул уурхайн салбарт мэдлэгийн менежмент дутмаг; төрийн байгууллагад хиймэл оюуны чиглэлийн боловсон хүчин хомс; их дээд сургуулиуд бэлэн мэргэжилтэн нийлүүлэх боломж хомс байгааг гурван панелд тус тусад нь дурдав.

Хүний нөөцийн асуудлаас үүдэн банкны салбар дата стюардын загварыг сонгож байна: цөөн тооны мэргэжлийн багтай байж, бизнесийн нэгж бүрийн ажилтанд өгөгдлийн хариуцлагыг хуваарилах арга хэмжээг авч байна.


Дөрөв. Өгөгдлийн засаглалын хариуцлага бизнес төвтэй болж хувирч байна

DAMA-гийн DMBoK стандартыг эш татсан "өгөгдлийг бизнес эзэмшиж, засагладаг" зарчмыг банкны панелд тодорхой илэрхийлж, бусад салбарт мөн адил байр суурь давтагдав. Мэдээллийн технологийн нэгж нь хэрэгжүүлэгч, дэмжигчийн үүрэгтэй бөгөөд өгөгдлийн удирдлагын нэгж нь бизнес ба технологийн хооронд "орчуулагч гүүр" болж ажиллана.


Тав. Зөвшөөрөл (consent) — хамгийн олон удаа давтагдсан шийдэгдээгүй асуулт

Харилцаа холбооны панелын модератор үүнийг хамгийн тодорхой томьёолов: "Зөвшөөрөл авсан байхад хангалттай юу, ямар түвшний зөвшөөрөл вэ?" Энэ асуулт банкны (нээлттэй банк), харилцаа холбооны (салбар хоорондын солилцоо), төрийн (иргэний мэдээлэлд хандах) болон хиймэл оюуны (загварт өгөгдөл оруулах) панел бүрт өөр өөр хэлбэрээр гарч ирэв.



Хэлэлцүүлгээс гарсан бодлогын саналууд

Салбаруудаас гарсан тодорхой саналыг нэгтгэвэл:

Эрх зүйн зохицуулалтын хүрээнд:

  1. Өгөгдлийн тухай анхдагч хуулийг Улсын Их Хурлын намрын чуулганаар батлах (банк, харилцаа холбоо, зохицуулагч байгууллагын нэгдсэн санал).
  2. Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг батлах. Стратеги батлагдаагүй байгаа нь хувийн хэвшилд өөрийн бодлогоо боловсруулах суурь байхгүй болгож байна.
  3. Танигдахгүй болгосон (anonymized) өгөгдлийг хэн, ямар шалгуураар баталгаажуулахыг тодорхойлох. Холбогдох зохицуулалт, процедургүйн улмаас компаниуд өгөгдлөө хоорондоо солилцох нөхцөл бүрдэхгүй байна.
  4. Нээлттэй өгөгдлийн лицензийн нөхцөлийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалттай болгох.
  5. Уул уурхайн хайгуулын өгөгдлийг тодорхой хугацааны дараа эсхүл судалгааны зориулалтаар нээх эрх зүйн орчныг бүрдүүлэх.
  6. Онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллагад үүлэн технологи ашиглах боломжийг аюулгүй байдлын шаардлагыг хангасан нөхцөлд тодорхойлох.

Стандарт, гүйцэтгэлийн хүрээнд:

  1. Өгөгдлийн засаглалыг сайн дурын туршлагаас бүх байгууллагад мөрдөгдөх стандарт болгох (Монголбанкны санал).
  2. Төрийн байгууллагууд батлагдсан үндэсний ангиллыг заавал баримтлахаар зохицуулж, өгөгдлийн чанарыг байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдуулах (төрийн панелын санал).
  3. Байгууллага бүр өгөгдлийн засаглалыг хариуцсан албан тушаалтантай болох (банкны панелаас давхар гарсан уриалга).
  4. Олон улсын стандартыг нутагшуулах.

Хиймэл оюуны засаглалын хүрээнд:

  1. Төрөөс оролцох хязгаарыг тодорхойлох.
  2. Засаглалын үүргийг загвар үйлдвэрлэгч болон ашиглагчийн хооронд хуваарилж зохицуулах.
  3. Гадны загвар ашиглах үед лог бүртгэл хөтлөхийг анхан шатны шаардлага болгох.
  4. Төрийн худалдан авах ажиллагаанд дотоодын старт-ап компаниудад туршилтын нээлттэй орчин (сэндбокс) гаргаж өгөх.


СалбарХүчтэй талГол хязгаарлалт
Банк, санхүүЗасаглалын бүтэц, стандарт, дата стюардын тогтолцооНээлттэй банк, зөвшөөрлийн зохицуулалт
Харилцаа холбооӨгөгдлийн бодит эдийн засгийн үр өгөөж, 10 жилийн туршлагаСалбар хоорондын солилцооны эрх зүйн үндэс
Уул уурхайУрт хугацааны үнэ цэнтэй өгөгдөл, хиймэл оюуны бодит нэвтрүүлэлтЦаасан архив, эзэмшлийн тодорхойгүй байдал
Төрийн байгууллагаИ-Монгол, хандалтын мэдэгдэл, нээлттэй микро өгөгдөлДавхардал, ангиллын стандартын зөрүү
Хиймэл оюунХувийн хэвшлийн идэвх, мэргэжилтэн бэлтгэл эхэлсэнҮндэсний стратеги батлагдаагүй


Товч тэмдэглэл

Хэлэлцүүлгээс дүгнэхэд банк, харилцаа холбоо, уул уурхай зэрэг өгөгдөл эрчимтэй ашигладаг салбарын байгууллагууд өгөгдлийн засаглалыг өөр өөр түвшинд хэрэгжүүлж, тодорхой туршлага хуримтлуулжээ. Харин салбар хоорондын өгөгдөл солилцоо, нийтлэг стандарт, эрх зүйн зохицуулалт болон байгууллагуудын уялдаа холбоог цаашид сайжруулах хэрэгцээ нийтлэг байна.

Иймээс Өгөгдлийн тухай хууль болон хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулахдаа салбаруудын бодит туршлага, хэрэгцээ, хэрэгжүүлэх боломжийг тусгах нь чухал юм. Нэгдсэн бодлого, ойлгомжтой зохицуулалт бүрдсэнээр өгөгдөл болон хиймэл оюуныг аюулгүй, хариуцлагатай, үр өгөөжтэй ашиглахад дэмжлэг үзүүлнэ.


Форумыг зохион байгуулсан: DAMA Mongolia Chapter, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам

Ивээн тэтгэсэн: Скайтел, Скаймедиа, Дата Гэр.