🤝 DAMA Mongolia Chapter болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
DAMA Mongolia Chapter болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) өгөгдлийн менежментийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, арга зүйг өгөгдөл болон хиймэл оюуны мэргэжлийн сургалтын хөтөлбөрт тусгах, оюутнуудыг олон улсын мэргэшлийн зэрэгт бэлтгэх, сургалт, судалгаа болон мэргэжлийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Үүнд:
DAMA-DMBOK® өгөгдлийн менежментийн олон улсын мэдлэг, арга зүйг сургалтын хөтөлбөрт тусгах
Өгөгдлийн менежментийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн суурь мэдлэг, арга зүйн цогц болох DAMA-DMBOK®-ийн мэдлэгийн чиглэлүүдийг ШУТИС-ийн өгөгдөл болон хиймэл оюуны чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрүүдэд тусгана. Ингэснээр оюутнууд мэргэжлийн үндсэн мэдлэгийнхээ зэрэгцээ өгөгдлийн менежментийн орчин үеийн ойлголт, зарчим, арга барилыг системтэйгээр эзэмших боломж бүрдэх юм.
Оюутнуудыг олон улсын CDMP® мэргэшлийн зэрэгт бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
Холбогдох мэргэжлийн ангиудын төгсөх курсын оюутнуудыг CDMP® шалгалт болон гэрчилгээжүүлэлтийн хөтөлбөрийн мэдээлэл, бэлтгэлийн зөвлөмж, ашиглах эрх бүхий жишиг тестээр хангаж CDMP® (PIYP) хөтөлбөрт хамруулна. Энэ нь оюутнууд суралцах хугацаандаа мэргэжлийн мэдлэгээ олон улсын шаардлагын дагуу баталгаажуулж, олон улсын мэргэшлийн зэрэгтэй төгсөх боломжийг дэмжихэд чиглэнэ.
Үйлдвэрлэлийн болон танилцах дадлагын боломжийг дэмжих
DAMA Mongolia Chapter-ийн гишүүн, түнш байгууллагуудын оролцоотойгоор оюутнуудын үйлдвэрлэлийн болон танилцах дадлагыг дэмжих боломжийг судалж, холбогдох байгууллагуудтай зуучлан холбоно. Ингэснээр оюутнууд сургалтаар эзэмшсэн мэдлэгээ байгууллагын бодит үйл ажиллагаатай холбон ойлгох, мэргэжлийн орчинтой танилцах, практик туршлага хуримтлуулах боломжийг өргөжүүлэх юм.
Сургалт, судалгаа болон мэдлэг түгээх хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх
Талууд хамтарсан лекц, семинар, хэлэлцүүлэг, менторшип, судалгаа, хөтөлбөр болон олон нийтэд чиглэсэн санаачилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Дотоодын их сургуулиудын дунд анхдагч санаачилга гарган, өгөгдлийн менежментийн олон улсын жишиг мэдлэг, арга зүйг мэргэжлийн хөтөлбөрүүддээ нэвтрүүлэхээр хамтран ажиллаж буй ШУТИС-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Оюутнууддаа салбарын орчин үеийн мэдлэгийг цаг тухайд нь эзэмших, онолын мэдлэгээ практиктай холбох, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшлийн зэрэгтэй төгсөх боломжийг бүрдүүлэх энэхүү алхам нь Монгол Улсын өгөгдлийн менежментийн салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлж, олон улсын хөгжилтэй хөл нийлүүлэн урагшлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.

